ТАНИЛЦУУЛГА

Халхын Сэцэн хан аймгийн Дархан хошой Чин Вангийн хошуу, Эрдэнэдалай вангийн хошууны нутаг нь 1655-1707 онуудад байгуулагдсан бөгөөд Их эзэн Чингис хааны эх Өэлүн, дүү Отчигон хоёрын нутаглаж байсан газар хэмээн түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд Хубилай хааны төрсөн нутаг болох талаар түүхийн улбааг эрдэмтэд судлан тогтоохоор ажиллаж байна.

Ардын хувьсгал ялсны дараагаар 1923 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 1-р сарын 5-ны өдрийн 57 дугаар тогтоолоор аймаг хошуудын нутагт өөрчлөлт оруулах анхны суурь тавигдахад Хан Хэнтий уулын аймагт багтан Мөнххаан уулын хошууны Баян-Овоо сум бүрэлдэн тогтсон ба Хан Хэнтий уулын аймагт хүн амынхаа тоогоор томоохонд тооцогдох Засаг захиргааны нэгж байв.

Тус сум нь 338.1 мян.га газар нутагтай, Дорнодын их талын баруун зах, дов толгод, даваа гүвээ, уудам хөндий хоолой бүхий Халхын нам дор газар, Хэнтий аймгийн Батноров, Норовлин, Баянхутаг, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан сумуудтай хил залган орших бөгөөд сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 465 км, Чингис хотоос 132 км зайтай оршдог.

Нутгийн өмнөд хэсэгт байгалийн үзэсгэлэн цогцолсон, геологийн өвөрмөц тогтоц бүхий Хэнтий нурууны төгсгөл болох "Хар-Ямаат"-ын БНГ 40.5 мян.га, нутгийн зүүн хойд хэсэгт тал хээрийн экосистемийг бүрдүүлэгч цагаан зээрийн нутаг "Тосон хулстай" БНГ 54.9 мян.га нутгийг хамардаг.

Номхон далайн ай савд багтах уулын түргэн урсгалт Хэрлэн гол, Сүмбэр, Наанги, Чойчин, зэрэг нуурууд нь хужир шүү давсаар баялаг ба Гүрэмийн нуур 9 км-ийн радиустай, усны найрлага нь Аварга тосон нууртай адил мөн эмчилгээний хар, шар, цагаан шавар, хануур хорхойтой, эртний булш, чулуун зэвсгийн түүхэн дурсгалт зүйлээр арвин байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нуур юм.

Тус сумын нутагт түүх, соёлын дурсгалт зүйлс арвин бөгөөд 13-р зууны үеийн Ханзат хотын туурь, Чингисийн морин уяа хэмээх хөшөө чулуу, Загийн амны бичигт хад, эртний булш, сүм хийдийн тууриуд элбэг байдаг.

Баян-Овоо суманд Эртний хүн амьдарч байсан ул мөр бүхий газар 1, тахил тайлгын байгууламж 20, барилга, архитектурын дурсгал 5, чулуун зэвсгийн дурсгалт газар 3, хөшөө дурсгал 6, хадны зураг, бичгийн дурсгал 2 бүртгэгдсэн ба ашигт малтмалын илрэл 25 тэмдэглэгдсэн байдгаас хайлуур жоншны далд уурхай 1 ажиллаж байна.

Тус сумаас Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Төр нийгмийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом, Соёл, шашны нэрт зүтгэлтэн, Азийн буддистуудын холбооны анхны ерөнхийлөгч, номч мэргэн гавж Самаагийн Гомбожав, Богд хаант Монгол улсын Ардын баатар Цогтын Авирмэд, Монголын ШУА-ын академич, Ардын боловсролын яамны сайд Чимэдийн Сэрээтэр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Цогтын Намсрайжав, МУ-ын хүний гавьяат эмч Догсомжавын Дунгаамаа, МУ-ын гавьяат жүжигчин Ёндонгийн Цог, МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Доржийн Даваасамбуу, МУ-ын гавьяат багш Жамъянгийн Шагдаржав, Дамбийн Бүрэнхишиг, МУ-ын гавьяат нисгэгч Далайн Баатар, МУ-ын гавьяат малчин Доржийн Дашзэвэг, БНМАУ-ын АИХ-ын депутат, хошой хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, адуучин Бумсангийн Цэрэндорж, Хүмүүнлэг ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ийн депутат Сандуйн Ганболд, БНМАУ-ын начин "Дүүлэн" хэмээх Гомбожавын Чүлтэм, БНМАУ-ын аварга малчин Дамдингийн Гончиг, Бадрангийн Махранз, ХХ зууны манлай сумын заан Гэнэнгийн Чулуунбаатар нарын алдар цуутнууд төрөн гарсан өлгий нутаг.

2019 оны жилийн эцсийн байдлаар 609 өрх үүнээс 342 малчин өрх, 1916 хүн амтай, 208973 толгой малтай. 2016, 2017, 2018 онуудын ажлаар Хэнтий аймгийн тэргүүний сумаар, 2016 онд "Ахмадад ээлтэй сум", 2019 онд "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн "Оны алдартан сум", "Бид нэг голынхон хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлэгч сум", аймгийн "Шилдэг залуучуудын зөвлөл" 2018, 2019 оны аймгийн Улаан загалмайн хорооны "Шилдэг анхан шатны хороо"-гоор тус тус шалгарсан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

© 2019 Bayan-ovoo.mn - Албан ёсны цахим хуудас | Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.